Ажлынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хэрхэн илүү зохион байгуулалттайгаар, илүү хурдан хугацаанд ажлуудаа дуусгах вэ? зэрэг асуудалтай бид үргэлж тулгарч байдаг. Тэгвэл миний зүгээс та бүхэнд Scrum менежментийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг санал болгож байна.
Scrum менежмент гэж юу вэ ?
Scrum менежмент нь бүтээмжийг хамгийн өндөр түвшинд барих байнгын давтагддаг үйл явц юм. Тус аргачлал нь 1990-ээд оны эхэн үеэд үүссэн бөгөөд 1995 оны OOPSLA-н хурал дээр танилцуулагдсанаар анх олны хүртээл болж байжээ.
Scrum-ийг хэрхэн хийх вэ?
Танай алба\хэлтэсээс ажлаа хамгийн сайн мэддэг нэг хүн "скрам мастер"-аар сонгогдох ёстой. Энэ нь гол төлөв албаны дарга эсвэл ахлах менежер зэрэг удирдах албан тушаалтнууд байдаг.
09:00~09:15 болон 17:45~18:00 зэрэг нийт 30 минутыг скрам менежментийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Ингэхдээ эхний 15 минутыг тухайн өдөрт хийгдэх ажлуудыг хамгийн чухлаас нь эхлэн дараалуулан бичих бөгөөд арын мөрөнд нь тухайн ажлын хариуцах эздийг цагтай нь хамт зоодог. Ингэхдээ ажлыг хариуцаж буй хүнээс өөрөөс энэ ажлыг хэдийн хугацаанд хийж амжуулж чадахыг нь асууж тэр хугацааг нь бичдэг. Мөн ур чадвар шаардсан, төвөгтэй ажлуудыг 2 буюу түүнээс дээш хүмүүст хариуцуулж болдог. Харин сүүлийн 15 минутанд тухайн өдөр төлөвлөгдсөн ажлуудын гүйцэтгэлийг самбар дээр хөтөлдөг. Тус хөтөлгөө нь хамгийн сүүлийн багананд хийгдэх ба үндсэн 3н төрлийн тэмдэглэгээ энэ хэсэгт хийгддэг. Үүнд: Хугацаандаа хийгдсэн, хугацаандаа хийж чадаагүй, өөрөөс шалтгаалаагүй буюу гадна эх үүсвэрээс шалтгаалан хийгдэж чадаагүй гэж ангилдаг. Мөн сүүлийн 15 минутанд ажилтан тус бүр тухайн өдрөө ажлаа хэрхэн хийсэн, ямар бэрхшээл тулгарсан, түүнийг хэрхэн шийдсэн талаар 1 минутанд багтаан ярьж мэдээлэл солилцдог.
Анхаарах зүйлс
- 100% төвлөрөх: Скрамыг хийх 30 минутанд бусад хийж буй ажлуудаа орхин зөвхөн скрам хийх үйл ажилд төвлөрөх хэрэгтэй. Ингэснээр илүү үр дүнтэй болдог.
- Зогсолт: Скрам мастерийг хөтөлгөө хийж байхад бусад гишүүд самбарыг тойрч зогсдог. Энэ нь тус үйл ажиллагаанд илүү хүндэтгэлтэй хандаж байгааг илтгэдэг бөгөөд анхаарал төвлөрөлтийг ч бас нэмэгдүүлдэг байна.
- Гишүүдийн тоо: Скрамыг хэрэгжүүлэхэд багийн гишүүдийн тоо 7-12н хооронд байвал тохиромжтой .
- Оролцоо: Скрамыг хэрэгжүүлэхэд багийн бусад гишүүдийн санал, комментуудыг авч оролцоог дэмжих нь чухал
- Өдөр тутмын скрамын хөтөлгөөг хийж дууссаны дараа зургаар баримтжуулах хэрэгтэй. Ингэснээр үр дүнг үнэлэх, удирдлагууд хэрэгжилтийн явцтай танилцах зэрэг олон төрлийн ач холбогдолтой байдаг
- Алга ташилт: Өдөр тутмын скрам менежментийн дараа "өнөөдөр бүгдээрээ сайн ажиллалаа" "бүгдээрээ сайн байлаа" гэх зэрэг урмын үгсийг хэлж бие биендээ ажлын урт өдрийн дараах алга ташилтыг зориулж таших нь албаны гишүүдийн урам зоригтой байдлыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой нь ажиглагдсан
- Зуршил болгох: Хүмүүс нэгэнт дассан, сурсан арга барилаасаа зарим тохиолдолд салах дургүй байдаг: Тиймээс скрамыг зуршил болгохын тулд эхний хэсэгт скрам мастераас их хэмжээний хүчин чармайлт гарах ба миний ажигласнаар 14 хоног тасралтгүй скрамыг хийснээр бусад ажилчид энэ арга ажиллагаанд дасч эхэлдэг юм шиг санагдсан.
Скрам менежментийн давуу талууд:
- Ил тод байдал: Скрамыг хэрэгжүүлснээр багийн бүх гишүүд хэн, хаана, хэзээ юу хийж байгаа талаар мэдээлэлтэй болдог төдийгүй удирдлагууд ч мөн адил тухайн алба, нэгжийн ажлын явцын талаар маш тодорхой мэдээлэлтэй болдог.
- Ажлын бүтээмж: Скрамыг хэрэгжүүлснээр уламжлалт арга барилаас бүтээмж даруй 30-40% нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон.
- Өндөр чанар: Скрамыг хэрэгжүүлснээр чанарыг байж болох хамгийн өндөр түвшинд хүргэдэг.
- Цаг ашиглалт: Нэг ажлыг хийж байна гээд бүтэн өдөржин дэмий суух зэрэг зүйлс үгүй болох бөгөөд ажилчид дааж авсан ажлаа амалсан хугацаандаа амжиж хийх хамгийн том хурдасгуур болдог.
- Бахархам байдал ба ичих мэдрэмж: Өдрийн төгсгөлд ажлуудаа хугацаанд нь хийж амжуулсан хүн бусдынхаа өмнө ажлаа үнэлүүлдэг учир урамшил авч, бахархам сэтгэгдэл төрдөг байна. Харин өөрийн ур чадвар, муу менежментээсээ болж хийж чадаагүй ажилчдийн хувьд бусдаасаа ичих мэдрэмж төрдөг ба үүнийг хэн ч тэр бүр мэдрэхийг хүсэхгүй шүү дээ.
- Эрсдэлийг бууруулах: Тухайн ажилтан дааж авсан ажлаа дуусмагцаа скрам мастерт шалгуулах, оройн скрамаар ажил тус бүрийн явцыг хянаж буруу хийгдэхээс нь урьдчилан сэргийлэх давуу талтай байдаг.
- Өөрийгөө илэрхийлэх чадвар: Өдөр бүр хамт олныхоо өмнө 1 минутын танилцуулга хийх бүрэг, ярих дургүй ажилчдын хувьд өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулах сайхан боломж юм.
- Нийтэч байдал: Ажлын хуваарьлалт, үнэлэлт, оролцоо зэрэг бүхий л зүйлс эрх тэгш байдлаар явагддаг тул багийн гишүүдийн бие биенээ гэсэн сэтгэл, ажилдаа сэтгэл хангалуун байх зэрэг нь уламжлалт арга барилаас хавь илүү байдаг. Ажилдаа сэтгэл хангалуун хүнээс л өндөр бүтээмж гарна шүү дээ.
Миний блог та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. :)
Асуух зүйлс байвал коммент хэсэгт үлдээнэ үү



No comments:
Post a Comment