Monday, May 28, 2018

Сошиал медиагын зөв, зохистой хэрэглээ

Монголын нийт хүн амын 70 илүү хувь нь сошиал медиаг өдөр тутмын амьдралдаа идэвхитэй хэрэглэж байгаа энэ цаг үед сошиал медиагын зөв зохистой хэрэглээ нь бидний хувьд зайлшгүй чухал асуудал болон хөндөгдөж байна. Тус хэрэглээг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн ойлголт хомс, эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн зөвлөхөө мэдэхгүй мөн бид өөрсдийн мэдэлгүй зарим ноцтой алдаа гаргачихдаг нь нууц биш. Одоогоор Монгол хэл дээр ийм нэгдсэн зөвлөмж гараагүй байгаа учир та бүхэнд анхаарвал зохих зарим зөвлөмжүүдийг блогоороо дамжуулан хүргэж байна. 

Танихгүй хүн ба боломжит аюул

Энэ төрлийн аюул манай улсад хүчирхийллийн болон санхүүгийн гэсэн үндсэн хоёр хэлбэрээр хэрэгждэг. Сошиал медиагаар дамжуулан танилцан үерхэх, болзоо хийх нь хамгийн нийтлэг зүйлсийн нэг хэдийн болсон ч үүний хажуугаар болзоонд явах нэрийдлээр хуурч хүчирхийлсэн тохиолдол нэлээдгүй гарсан  тул танихгүй хүнтэй харилцах энэхүү харилцаан дээр хянуур хандах хэрэгтэй болов уу. Нэг л өдөр дотны найз, гэр бүлийн гишүүн тань таниас чатаар яаралтай мөнгөний хэрэгтэй боллоо гэвэл түүнээс заавал утастаж лавлаж байгаарай. Учир нь хакер таны дотно хүсүүсийн хаягаар орж өөрийн данс руу мөнгө шилжүүлүүлэх гэмт хэрэг нилээд түгээмэл болоод байгаа юм.

Бодит эх сурвалж

Аль нэг пэйжийн фотошопдсон зураг, постер зэрэгт итгэн олноороо шэйр хийж, бүр нийтээрээ түүнд итгэн давалгаа үүсэх нь ч олон харагддаг. Гэхдээ шинээр пэйж нээхэд 2 минут, фотошопоор энгийн зураг янзалхад 20 минут болдог гэж үзвэл бидний олонх нь 22 минутанд хийсэн хэн нэгний явуулга, ПР бодлогын амархан өгөөш болчихдог. Тиймээс аль болох бодит эх үүсвэр бүхий мэдээлэлд итгэж нухацтай хандаж байгаарай.

Замбараагүй хэрэглээ

“Бусдыг амжилтыг харж хугацаа зарцуулахдаа та өөрийн амжилтын төлөө гаргаж болох хугацаагаа алдаж байдаг”. Хэтэрхий их хугацааг сошиал орчинд өнгөрөөснөөр таны төвлөрөх чадвар муудаж, маш их үр бүтээлтэй байж болох цагыг зүгээр дэмий өнгөрөөчих эрсдэлтэй. Тиймээс энэхүү замбараагүй хэрэглээнээс сэргийлэх хэд, хэдэн зөвлөгөөг хавсарган орууллаа.

- Хичээл хийх, ном унших, ажлын үеэр гэх мэтчилэн өдрийн тухайлсан төвлөрөх шаардлагатай цагуудад таны утасны notification гарч ирээд байх нь маш их саад болдог учир. Интернетээ эдгээр цагуудад унтраахыг санал болгож байна.

- Цагийн хязгаарлагч аппликэйшнүүдийг ашиглах нь үр дүнтэй. Жишээлбэл та өдөр 1 цагаас илүү хугацааг фэйсбүүкэд зарцуулахгүй гэж шийдсэн бол шийдвэртээ үнэнч байхад эдгээр апплизэйшнүүд танд туслаж хэтэрсэн хэрэглээг тань хязгаарлаж өгдөг.

Ерөнхий зөвлөгөө

- Сошиал медиаг хөтлөхдөө аль болох эерэг хандлагатай байгаарай. Таны интернетэд постолсон зүйлс тэндээ хадгалагдан үлддэг. Өмнө нь постолж байсан зүйлс нь ирээдүйн амьдралд тань нөлөөлөх нь ч бий. Эерэг хандлагатай байснаар та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх бол харин бусдыг гомдоосон, шархлуулсан агуулгатай зүйлсийг аль болох постлохоос зайлсхийх хэрэгтэй.

- Enter дарахаасаа өмнө хоёр удаа бодож үзэж байгаарай. Ялангуяа өсвөр насныхан тухайлсан байршил, утасны дугаар зэргээ олон нийтэд ил зарлахгүй байх хэрэгтэй.

- Нууцлалаа хадгал. Хүн бүрт хэнд ч хэлээгүй нууц, бусдад мэдэгдэж болохгүй зүйлс байдаг бөгөөд иймийн тул нууц үгээ хэнд ч өгч болохгүй юм. Хэдий найз охин, залуу чинь байсан ч гэсэн энэ нь хэзээ ч сайн үр дагаврыг авчирдаггүй.

- Бусдыг хүндэл. Хүн бүр өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөр өөрсдийнхөөрөө тухайн юмс үзэгдлийг илэрхийлж постолдог. Тэглээ гээд тэднийг үгүйсгэж, шууд няцаалт хийх нь зохимжгүй юм.

- Хувийн мэдээлэл. Өөрийн талаар бүхий л мэдээллээ фэйсбүүкдээ оруулах хэрэггүй. Учир нь заримдаа фэйсбүүк таны хувийн мэдээлэл датаг хамгаалж чаддаггүй.

- Check in. Яг гэрийн хаягаараа Check in хийснээр таныг follow хийсэн боломжит гэмт хэрэгтэн хулгай хийх болон бусад төрлийн  сөрөг боломжуудыг нээж өгч байдаг.

Instagram-н нөлөө

Бид instagram хэрэглэж байхдаа бусдын гял цал болсон зурагнуудыг харсаар өөрийн амьдралаа ч мөн адил тийм байх ёстой гэж өөрийн мэдэлгүй стандарт тогтоочихдог. Улмаар тэр стандартынхаа дагуу амьдрах гэж байнга толгой нь ажилласаар улмаар өөрөөрөө байж чадахгүйд хүрдэг. Тиймээс та ийм нөлөөлөлд аль хэдийн автчихсан юм биш биз. Дахин нэг бодоод үзэхэд хэрэгтэй болов уу

Хэнийг follow хийх вэ?

Та хэнийг follow хийж байгаадаа сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Таньд сайнаар нөлөөлөхгүй боловч зүгээр л алдартай, маш олон буруу зүйлс хийдэг хүмүүсийг бид дагачихсан байдаг. Тухайн хүний амьдралын хэв маягыг олон давтамжтай харах нь таны далд ухамсарт , цаашилбал үйлдэлд тань нөлөөлөх нь байдаг тул энэ тал дээр нухацтай хандах хэрэгтэй. Түүнчлэн элитүүд өөрсдийн харьяаны одуудыг ашиглан нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлогыг байнга хийдэг  бөгөөд үүний гол бай нь өсвөр үеийнхэн болж байдаг. Үүнтэй холбоотойгоор зөвхөн гадаад гэлтгүй дотоодын олон дагагчтай залууст маш их хариуцлага ирж байгаам шиг санагдах болсон. Учир нь өсвөр насныхан маш их цагийг сошиал медиа орчинд, түүнийхээ нилээдгүй хувь хэмжээг тэдний стори, пост зэргээс амьдралын хэв маягыг нь харж өнгөрөөдөг тул олон дагагчтай залуусыг аль болох зөв эерэг үлгэр дууриалал үзүүлж байгаасай гэж хүсэх болсон.

Амьдралын хамгийн сайхан мөчүүдийг тултал мэдрэх

Нар жаргах, сакура дэлгэрэх, төрсөн өдрийн лаагаа үлээх гэх мэтчилэн торгон агшинуудыг бид аль болох утсан дээрээ буулган авч бусадтай хуваалцахыг боддог. Бусадтай хуваалцах нь танд нэгэн төрлийн кайфыг өгөх боловч бүх зүйлийг хойш тавиад таван мэдрэхүйгээрээ тухайн агшиныг мэдрэхтэй үүнийг зүйрлэх аргагүй юм. Just enjoy your memory

Энэ удаагын блог маань та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Санал, сэтгэгдэлээ коммент хэсэгт үлдээнэ үү